card

Монголын Прокуроруудын холбоо

Монголын Прокуроруудын холбоо нь 1994 онд прокуроруудын санаачилгаар “Монголын Прокуроруудын Үндэсний Холбоо” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 469 гишүүнтэй, орон нутагт салбар зөвлөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Монголын Прокуроруудын Холбоо нь прокурор, прокурорын байгууллагын ажилтан, албан хаагч, прокурорын байгууллагын үйл ажиллагааг дэмжих хүсэлтэй иргэдийг эгнээндээ нэгтгэсэн, гишүүдэд үйлчилдэг, прокурорын нэр хүнд, үйл ажиллагаа, эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм.

Монголын Прокуроруудын Холбооны анхны дүрэм 2011 оны 8 сарын 26-ны өдөр батлагдаж байсан бол 2017, 2019 онд тус тус шинэчлэн батлагдсан.

Тус холбоо нь 1996 онд Олон Улсын Прокуроруудын холбоонд гишүүнээр нэгдэн орсон бөгөөд дэлхийн болон бүс нутгийн шинжтэй олон улсын хурал семинарт жил бүр оролцдог. Тухайлбал: Унгар, БНХАУ, Австрали, ӨАБНУ, Англи, Америк, БНСУ, Дани, Франц, Тайланд, ОХУ-д болсон олон улсын бага хурлуудад оролцож, эдгээр орны прокурорын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоосон бөгөөд БНСУ-д 2011 онд зохион байгуулагдсан Олон Улсын прокуроруудын холбооны их хурлаас шилдэг прокурорын шагналаар гишүүн Ц.Батболд шагнагдаж байсан түүхтэй.

Холбоо нь зорилгоо биелүүлэхийн тулд дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. Холбооны гишүүдийн саналыг үндэслэн Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, тогтолцоог өөрийн орны онцлог, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгоход анхаарч ажиллах;
  2. Прокурор, гишүүдийн нэр төрд халдсан илт худал гүтгэлэг, мэдээ, мэдээллийг няцаах, холбогдох арга хэмжээ авах;
  3. Гадаад орнуудын прокурорын байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагаа, ажлын арга барил, эрх зүйн зохицуулалтыг судлах, мэдээлэх;
  4. Олон Улсын Прокурорын холбооноос зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцож, үйл ажиллагааг нь дэмжих;
  5. Прокурор, ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрдүүлэх, прокурорын нэр хүндийг өндөрт өргөж явахад үйл ажиллагаагаа чиглүүлэх;
  6. Гишүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх аливаа ажил, сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
  7. Гишүүдийг гадаадад болон дотоодод сургах, дадлагажуулах, туршлага судлахад дэмжлэг туслалцаа үзүүлэх;
  8. Прокурор, ажилтнуудын ажиллах нөхцөл, хууль, нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулах, хамгаалах талаар дүгнэлт гаргах, төр засгийн байгууллагуудад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
  9. Ажил мэргэжлээрээ өндөр ур чадвар гаргаж, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт үзүүлсэн, мөн прокурор, ажилтныг сургах, дадлагажуулах, боловсон хүчин бэлтгэх талаар идэвх санаачилга гаргасан гишүүдийг дэмжих, урамшуулах;
  10. Шаардлагатай гэж үзвэл Удирдах зөвлөлөөр хэлэлцэж гишүүддээ мөнгөн болон бусад дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

Холбооны эрх барих дээд байгууллага нь гишүүдийн төлөөллөөс бүрдсэн Бага хурал байх бөгөөд Бага хурлын чөлөөт цагт Удирдах зөвлөл нь өдөр тутмын үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлдэг.

Удирдах зөвлөл нь Холбооны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, Нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.

Холбоо нь харьяа салбар зөвлөлтэй ба Салбар зөвлөлийн дарга нь Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газарт ерөнхий прокурор нь байдаг. Мөн Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын зөвлөлтэй.

Өдгөө тус Холбоо нь нийт 32 салбар зөвлөл, 700-аад гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Онцлох мэдээлэл