card

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөл

Улсын Ерөнхий прокурорын газрын бүтцэд анх удаа Эрүүдэн шүүхээс урьдчилсан сэргийлэх зөвлөл ажиллуулахаар Улсын Ерөнхий прокурорын 2019 А/28 дугаартай тушаалаар батлаж, Зөвлөлийг байгуулснаар дарга, 8 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөл нь зөрчил шалган шийдвэрлэх, эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон ял эдлүүлэх ажиллагааны явцад хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажлыг прокурорын байгууллагын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй.

Зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд дараах байдлаар үйл ажиллагаагаа нэгтгэн зохион байгуулна. Үүнд:

  1. Төрөөс эрүүдэн шүүхээс урьдчилсан сэргийлэх талаар бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулж, холбогдох байгууллагад уламжлах;
  2. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дотоодын хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон болон соёрхон баталсан олон улсын гэрээний хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцүүлэг, онол практикийн бага хурлыг шүүх, хууль сахиулах болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
  3. Зөрчил шалган шийдвэрлэх, эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх болон хууль сахиулах байгууллагын гаргасан эрх зүйн баримт бичиг, шийдвэр хуульд зааснаас бусад байдлаар хүний эрхийг зөрчих, эрүү шүүлт тулгах нөхцлийг бий болгож болзошгүй гэж үзвэл тухайн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар хуульд заасан арга хэмжээ авах;
  4. Хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийх шалгалт, судалгааны ажилд мэргэжлийн хэлтэс, нэгж прокурорын газруудыг оролцуулж дүнг хэлэлцэх;
  5. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаарх мэдээ, мэдээллийг нэгж прокурорын газраас улирал бүр авч, харьяа мэргэжлийн хэлтэст нэгтгэн судалж дүгнэлт хийх;
  6. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажлын талаар төлөвлөгөө баталж хэрэгжилтийг зохион байгуулах;
  7. Харьяа нэгж прокурорын газруудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
  8. Хүнийг хууль бусаар баривчлах, саатуулах, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, хүнлэг бус хэрцгий хандах, зодох, дарамтлах, нэр төрийг доромжлох зэргээр эрхийг нь зөрчиж, сэтгэл санаа, бие махбодийн хувьд эрүү шүүлт тулгасантай холбоотой мэдээллийг шалгуулахаар харьяаллын дагуу мөрдөн шалгах эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд шалгах зэрэг чиг үүрэгтэй байна. 

Онцлох мэдээлэл