card

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл

Улсын Ерөнхий прокурорын 2019 оны А/28 дугаар тушаалаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Прокурорын байгууллагаас баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах чиг үүрэг бүхий “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл”-ийг байгуулсан.

Зөвлөл нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор болон дадлага туршлага, мэргэжлийн ур чадвар бүхий прокуроруудаас бүрдсэн 10 гишүүнтэй байна. Зөвлөлийн дарга, гишүүдийг Улсын Ерөнхий прокурор томилдог.

Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд нь харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлтэй байж болно.

Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд улиралд 1-ээс доошгүй удаа хуралдаж, дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  1. Прокурорын байгууллагын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангуулах;
  2. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах албан тушаалтныг Улсын Ерөнхий Прокурорт танилцуулж томилох;
  3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, салбар зөвлөлийн хийх ажлын төлөвлөгөөнд санал өгөх, төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хэрэгжилтийг хангуулах;
  4. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр шалгалт хийх;
  5. Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхөцлийг тогтоох суурь болон хавсарга судалгаа хийх;
  6. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бусад байгууллагуудтай хамтарч ажиллах;
  7. Гэмт хэрэг , зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын мэдээ, гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаарх статистик мэдээг нэгтгэн судлах, дүгнэлт хийх;
  8.  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хагас, бүтэн жилийн тайлан бичих, дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох;
  9. Харьяа прокурорын газруудын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
  10. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үр дүнг Улсын Ерөнхий прокурорт тогтмол танилцуулна.

Онцлох мэдээлэл