Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан, хуульчийн мэргэжлээр 3-аас доошгүй жил, эсхүл прокурорын туслах ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан, гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байгаагүй, мэргэжлийн шаардлага хангасан, 25 нас хүрсэн, Монгол Улсын иргэнийг прокуророор томилдог.
Прокурорын байгууллагад прокурор чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах үүрэгтэй ажилтнууд ажилладаг.
Туслах ажилтнаар томилогдоход хууль, эрх зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, гэмт хэрэг үйлдэж, шүүхээр гэм буруутайд тооцогдож байгаагүй, төрийн албаны шалгалтад тэнцсэн, цэргийн алба хаасан байх /эрэгтэй/ гэсэн үндсэн шаардлагуудаас гадна компьютерийн программ ашиглах, бичиг хэрэг боловсруулах зэрэг чадваруудыг харгалзан үздэг.
Улсын Ерөнхий Прокурорын газраас байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор жил бүр Улсын Ерөнхий прокурорын 2018 оны А/53 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын туслах ажилтанд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалт явуулах журам” дагуу прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлан явуулдаг.
Сонгон шалгаруултад тэнцсэн иргэдийг прокурорын байгууллагын хүний нөөцийн бүртгэлд авч, сургалтад хамруулна.
Сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг сонгон шалгаруулалт эхлэх өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгууллагын цахим хуудас /www.prokuror.mn/ болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарладаг.
Сонгон шалгаруулалтын хүрээнд 4 төрлийн шалгалт авна. Эхлээд эрх зүйн ерөнхий мэдлэгийн сорилго авч, тэнцсэн иргэнийг дараагийн шатны буюу эссе бичлэгийн, ярилцлагын, компьютерийн хэрэглээний программыг ашиглах чадварын шалгалтуудад оруулна.
Шалгалтад оролцогч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бол эрх зүйн ерөнхий мэдлэгийн шалгалтаас чөлөөлөгдөнө.
Прокурорын байгууллагын захиргаа, үйлчилгээний ажилтнаар орохоор хүсэлт гаргасан иргэний холбогдох материалыг Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газарт болон аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газарт хүлээн авч, шийдвэрлэнэ.
Ажилд орохыг хүссэн иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба